Бид үйлдвэрлэгч буландаа᠌ “Эрүүл хүнс, Эрүүл амьдрал” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг "Хатансүйх" ХХК-ийг онцлон сурвалжиллаа.
Хатансүйх ХХК нь 1996 онд байгуулагдсан. Одоо 100 гаруй ажилчидтай хиам, махан бүтээгдэхүүн, лаазалсан бүтээгдэхүүн, ясны өтгөрүүлсэн шөл гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Тэд өдгөө хориод нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн, гуч гаруй нэрийн хиам, махан бүтээгдэхүүн болон хоёр төрлийн ясны өтгөрүүлсэн шөлийг үйлдвэрлэж байна. Биднийг компанийн чанарын менежер Н.Мөнх-Эрдэнэ угтан авч, байгууллагынхаа үйл ажиллагааны талаар ярилцсан юм.
-Хиам, мах махан бүтээгдэхүүн гэхээр юун түрүүнд нитритийн асуудал яригддаг шүү дээ. Энэ тал дээр танай байгууллага ямар зарчмаар ажилладаг вэ?
-Нитрит нь гацхан манай улсад гэлтгүй дэлхий дахинд аюул, хор хөнөөл хэмээн ойлгогддог. Гэвч хиам, махан бүтээгдэхүүнд нитрит тодорхой хэмжээнд агуулагдах нь тодорхой. Манай компанийн хувьд нитритийн хэмжээг байж болох хамгийн их хэмжээгээр сулруулж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх бодлого барьж, зорилт тавин ажилладаг. Өөрөөр хэлбэл нитритийг "нитритжүүлсэн давс" болгон сулруулж хэрэглэдэг юм. Нитритийн давсыг Австри улсаас импортлон авдаг бөгөөд энэ нь бидний хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг иоджуулсан давстай нэгэн адил гэсэн үг. Бусад байгууллагуудын хувьд нитрит гэх бодисыг уусмал маягаар, яг өөрөөр нь хиам, махан бүтээгдэхүүндээ хэрэглэдэг. Бидний эрхэм зорилго бол эрүүл малын махаар эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.
-Тэгэхээр энэ нь бусад үйлдвэрлэгчдээс ялгагдах нэгэн давуу тал байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Үүнээс гадна манай үйлдвэр хиам, махан бүтээгдэхүүндээ будаг оруулагч, хугацаа уртасгагч, дүүргэгч нэмэлт хийдэггүй давуу талтай. Жишээ нь, манайх малын бүлх, шөрмөс зэргийг коллагенээр баяжуулж хиамандаа хийдэг.
-ҮХРИЙН ШИРНИЙ ДОТОР ТАЛААС ГАРГАЖ АВДАГ ИДДЭГ ОЛГОЙГ ОРУУЛЖ ИРСЭН-
-Коллаген олгойг Монголдоо анхлан оруулж ирсэн гэж байсан, энэ талаарх мэдээлэл өгөөч?
-Бид мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч салбартаа анхлан иддэг олгой буюу коллаген олгойг оруулж ирсэн. Энэ чиглэлээрээ 2018 оны аравдугаар сард Европыг зорьж сургалтад суусан. Энэ нь үхрийн ширний дотор талын зөөлөн гадаргуугаас нь гарган авсан иддэг бүрхэвч юм л даа. Үүнийг бид импортлон оруулж ирээд, бүтээгдэхүүний туршилт хийж улмаар үйлчилгээндээ нэвтрүүлээд жил гаруй болж байна. Бүтээгдхүүнийг үйлчилгээнд нэвтрүүлэхэд сав, баглаа боодлын хувьд эрүүл ахуйн шаардлага хангасан байх шаардлагатай байдаг. Шууд иддэг учир гадна талаараа Вакум савалгаатай байх ёстой. Бид энэ шаардлагыг нь бүрэн хангаж ажиллаад, иддэг олгойтой зайдсаа Манай улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй CU сүлжээ дэлгүүрт нийлүүлж байна. Тэднийх Хотдог-доо хийдэг байгаа.
-Олон улсын стандартуудыг нэвтрүүлж ажиллах нь үйлдвэрлэгч бүрийн хүсэл зорилго. Танай компанийн хувьд?
-Стандарт үзүүлэлтэд нийцэж ажиллана гэдэг амаргүй даваа. Гэсэн хэдий ч стандартад нийцэхийн тулд бид бүх үйл ажиллагаандаа өндөр хяналт тавин ажилладаг. Герман улсад төвтэй Олон улсын стандарт баталгаажилт, аудитын ''TUV Rheinland'' компани манай компанид 2019 оны хоёрдугаар сарын 26-28-ны өдрүүдэд ISO22000:2005 стандартын баталгаажуулалтыг үйлдвэрлэлийн бүх нэгж, шат дамжлагад амжилттай хийж, олон улсад мөрдөгдөж буй хүнсний аюулгүй байдлын удирдлагын ISO22000:2005 стандартын шаардлагыг бүрэн хангасан, эрүүл цэвэр орчинд чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад дотоодын зах зээлд гаргадаг болохыг амжилттай баталгаажуулсан.
Өмнө нь буюу 2016 оны нэгдүгээр сард “TUV Rheinland”-аас манай компанид хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо HACCP /Hazard analysis сritical control point/ -ийг батламжилж байсан.
"ISO 22 000-2005" стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулж хянадагаараа онцлогтой
-Түүхий эдийн хувьд?
-Үндсэн түүхий эдийн хувьд үxэр, хонь, ямаа, гахайн маxыг хэрэглэдэг. Туслах түүхий эд буюу жор, орц, бүрхэвчээ Австри улсын᠌“KAVO” компаниас импортлон авдаг. Энэ нь химийн бус, ургамлын гаралтай бодис гэдгээрээ бас нэгэн давуу талтай.
-Үндсэн түүхий эдээ хаанаас нийлүүлж байна вэ?
-Хүнсний аюулгүй байдлын дээрх тогтолцоог хэрэгжүүлсэн учир үндсэн шаардлагыг маш сайн хангах ёстой. Гахайн маxны хувьд Алтан тариа компанитай гэрээгээр ажилладаг. Үхэр, хонины маxны хувьд дотооддоо шаардлага хангасан нядалгааны цэгтэй үйлдвэрүүд манайд их ховор бөгөөд Дарxан, Архангай зэрэг тоотой хэдэн газар л байдаг. Тэдгээр газраас авъя гэхээр дотоодын хэрэгцээгээ хангаж чадахуйц нийлүүлэлт авч чаддаггүй учир, бусад үйлдвэрлэгчдийн нэгэн адил, малчидаас нийлүүлэн авдаг. Харин махаа xүлээж авахдаа өндөр шаардлагын дагуу авна. Монгол улсын хувьд бэлчээрийн мал аж, ахуйд суурилдаг болохоор өөр арга байхгүй.
-Хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд нэгэн чухал түүхий эд нь гахайн маxны өөх байдаг. Гахайн махны хэрэглээнд хориг тавих болсон. Үүнийг юугаар орлуулж хийж байгаа вэ?
-Бид хонины сүүл орлуулан үйлдвэрлэж байгаа. Хонины сүүл нь бүтцийн хувьд гахайн өөxийг бодвол царцанги чанартай ч эрүүл мэндийн хувьд өөртөө хамгийн их эрдэс, минералыг агуулсан бүтээгдэхүүнд тооцогддог. Тиймээс цаашдаа ч бид хонины сүүлээ бүтээгдэхүүндээ ашиглавал давуу талтай гэж үзэж байгаа.
-ЯСНЫ ӨТГӨРҮҮЛСЭН ШӨЛӨӨ СОЛОНГОС УЛСАД НИЙЛҮҮЛЭЭД АРВАН ЖИЛ БОЛЖ БАЙНА-
Хатансүйх ХХК-ийн хамт олон зөвхөн дотооддоо тэргүүлэгч байхыг эрхэмлэсэнгүй. Тэд дэлхийн хэд хэдэн улсад үндэсний үйлдвэрлэлээ таниулахаар чанартай, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнүүдийг экспортолж, БНСУ-ын зах зээлд хэдийнээ танигдсан тухайгаа ярьсан юм.
-Экспортын үйлдвэрлэлээ танилцуулаач?
-Бид үйлдвэрлэж буй бүтээгдхүүнийхээ 90 гаруй хувийг Солонгос улс руу экспортолдог. БНСУ-д ясны өтгөрүүлсэн шөлөө нийлүүлээд арван жил болж байна. Солонгосын зах зээлд хэдийнээ танигдчихсан бүтээгдэхүүн. Солонгосчууд үүнийг хоол хүнсэндээ өргөнөөр ашигладаг. Бусад компанийн ижил бүтээгдэхүүнтэй харьцуулахад өтгөрүүлсэн байдаг учир илүү давуу талтай. 200 грамм усанд ердөө 20 грамм шөл ордог. Кальцийн дутагдалтай хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэснээр энэ нь эрүүл мэндийг бүтээгдэхүүн болж байгаа юм. Мөн үxэр, хонь, ямааны махыг ашиглан дулааны боловсруулалт хийсэн махан бүтээгдxүүнээ БНХАУ-руу экспортолж байгаа. Одоогоор БНСУ, БНХАУ, ОХУ, Вьетнам улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлон гаргаж байна.
-Гадныхан Хатансүйх ХХК-ийн хатаасан махыг хүндэтгэлийн зоог хэмээн хэрэглэдэг гэж сонссон?
-Манай хатаасан мах 100% органик бүтээгдэхүүн шүү дээ. Гадны үйлчлүүлэгчид маань “зуун хувийн махтай бүтээгдэхүүн гэж байдаг юмуу, монгол малын мах ямар баялаг юм бэ, бид зуун хувийн орцтой хатаасан мах иднэ гэж бараг байдаггүй юм, харин танай нөөшилсөн бүтээгдэхүүн гэхэд л зуун хувь органик махтай юм байна шүү дээ᠌” хэмээн уулга алддаг.
Бусад ижил төстэй бүтээгдхүүний хувьд жаран хувь нь мах, дөчин хувь нь орлуулагч, дүүргэгч хийгээд яг мах шиг бүтээгдэхүүн болгочихдог юм билээ. Энэ нь шинжилгээний үр дүнгээр мэдэгддэг. Тийм ч учраас манай хатаасан махыг хүндэтгэлийн зоог хэмээн зочиддоо таваглаж маш дуртай хэрэглэдэг.
-Үнэ ханшийн хувьд ямар байдаг вэ?
-Хатаасан махаа дотооддоо борлуулдаггүй. Үйлдвэрээр гарах үнэ 150 грамм нь 8000 орчим төгрөг. Яагаад ийм үнэтэй байна вэ гэвэл 100 кг махнаас ердөө 20 кг хатаасан мах гардаг. Бидний уламжлалт аргаар боловсруулдаг борц гэсэн үг л дээ. Үүнийг түргэн аргаар, шарж боловсруулж хатаадаг юм. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн халуун ногоотой, энгийн, чинжүүтэй гэх мэтээр захиалгын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
-БЭЛЭН ГОЙМОНГ ОРЛОХ МОНГОЛ БРЕНД-
Хатансүйх ХХК нь шууд хэрэглэхэд тохиромжтой, нэг хүний порцоор хийгдсэн Бэлэн гоймонг орлох өөрсдийн нэрийн түргэн хоолоо үйлдвэрлэж эхэлсэн нь Түмний зоог юм.
-Шинэ бүтээгдхүүнээ танилцуулбал, ямар орц найрлагаар хэрхэн хийгддэг вэ?
-Бид бэлэн гоймон буюу урд зүгийн бүтээгдэхүүн давамгайлсан энэ цаг үед эрүүл хүнсээр бэлтгэсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй Эко түргэн хоол гаргахыг зорьсон. Манай Түмний зоог шууд халаагаад хэрэглэхэд зориулагдсан. Орц, найрлагын хувьд будаа, мах, ногоо орсон. Нэг ёсондоо түргэн будаатай хуурга л гэсэн үг.
-Хадгалах нөхцөлийн хувьд?
-Нэг жил хадгална. Бусад бүтээгдхүүний адил хадгалалтын хугацааг уртасгагч, дүүргэх бодис зэрэг хүнсний нэмэлт ороогүй. Уг бүтээгдэхүүн маань Дулааны боловсруулалт буюу 121 градус буюу ариутгалын нөхцөлд боловсруулалт хийгддэг.